APTДэлхийНийтлэлОнцлох мэдээЭнтертайнмэнтЭнтертайнмэнт - БусадЭнтертайнмэнт - НийтлэлЭнтертайнмэнт мэдээ

“АННА КАРЕНИНА” Хөшиг нээгдэхээс өмнө мэдвэл зохих таван зүйл

Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Дайн ба Энх” романых нь дараа хоёр дахь том бүтээл гэгддэг “Анна Каренина” романаа 1873-1877 оны хооронд туурвисан гэдэг. “Анна Каренина” роман нь Орос орны соёл, нийгмийн анги давхарга, боловсролын түвшин, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт олон асуудлыг хүний нийгмийн өргөн өнцөг дээр хөндөн харуулснаараа ихээхэн алдартай. Тус романаас сэдэвлэсэн “Анна Каренина” драмын жүжиг удахгүй театрын үзэгчдийн хүртээл болно. Драмын театрын урын сангийн шинэ бүтээл “Анна Каренина” жүжгийг үзэхээс өмнө мэдүүштэй таван зүйлийг хүргэе.

НЭГ. “Анна Каренина” жүжгийг үзэхээсээ өмнө романыг нь унших

Суут зохиолч Лев Толстойн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “Анна Каренина” хэмээх 800 гаруй хуудас бүхий зузаан романыг уншигч та ер хэдэн ч настай байж болно. Өрнө, дорнын нэр хүндтэй, заавал унших ёстой урт, богино номын жагсаалтад “Анна Каренина” үргэлж дээгүүрт байрладаг. Реализмын үеийн сонгодог, сор болсон төлөөлөл гээд тус романыг унших шалтгааныг тоочвол дуусахгүй. “Анна Каренина” бол унших сэтгэл төрсөн ч зориг хүрдэггүй тийм л хүчир дарамттай зохиолуудын нэг яах аргагүй мөн. Яг л Сервантес, Маркес, Борхесын бүтээлүүд шиг. Магадгүй 18 насандаа уншаад таалагдаагүй эсвэл юу ч ойлгоогүй нэгэнд тав юм уу арван жилийн дараа уншихад арай өөр амьдрал мэдрэгдэх вий. Учир нь, Лев Толстой бол өөрийн зохиолуудаа амьдруулж чадсан суутан. Түүний бичиж чадсан адармаатай нэгэн түүх Монголын тайзнаа ийнхүү амилах дөхөөд байна.

Энэ романд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй эрээс эхлээд хүн бүрийн хүндлэлийг хүлээх эр хийгээд сул дорой эмэгтэй хүнээс гоо үзэсгэлэнт бүсгүйн дүр гардаг. Энэ мэт хүмүүний хоёр туйлт төрхийг тун гарамгай гаргаж өгсний дээр аль ч нийгэмд байдаг хүчирхэг гэр бүл, худал хуурмаг ч оршин тогтнохыг хүсэгч гэр бүл, хэдийнэ нуран унах шахсан гэр бүл, эцэг, эхгүй хагас өнчин гэр бүл, сурвалжит, баян гэр бүл гээд анги, давхарга бүрт нь нягт дүрсэлж өгсөн байдаг нь зохиолчийн уран чадварыг бишрэхэд хүргэдэг. Ихэнх хүмүүс “Анна Каренина”-г хэд хэдэн удаа уншсаныхаа дараа бидний эргэн тойронд яг л зохиолын дүрүүд шиг хүмүүс амьдардаг гэдгийг олж харснаа ярьдаг. Тиймээс хэрэв та “Анна Каренина” жүжгийг үзэхээр төлөвлөсөн бол эхлээд романыг нь уншчихсан нь дээр.

ХОЁР. Реалист зохиолыг тайзан дээр буулгасан нь

“Анна Каренина” романыг олон улсад балет, мюзикл, жүжиг, кино гээд олон хэлбэрээр хувиргаж, бүтээл тавьсаар ирсэн. Үүнээс бидний хамгийн сайн мэдэх нь жүжигчин Кира Найтли гол дүрийг нь  бүтээсэн найруулагч Жо Врайтын “Анна Каренина” (2012) уран сайхны кино. Яг л тайзны бүтээл үзэх мэт амьд, хөвөрсөн, тансаг зураг авалттай тус кино нүсэр романыг дэлгэцэнд хамгийн амжилттай хөрвүүлсэн хувилбаруудын нэг билээ. Энэ мэтчилэн “Анна Каренина” роман үнэ цэнээ зузаатгаж, урлагт ч шинэ дүр төрхөө бүтээсээр байгаа цаг дор Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театр тайзны бүтээл болгохоор зорин, ажиллаж байна. Энэ бол зөвхөн уншаад л дотроо төсөөлдөг байсан уншигч бидэнд зохиолын үйл явдал хийгээд дүрүүдийг тайзан дээрээс амьдаар харж, мэдрэх, сэтгэлийн таашаал эдлэх том завшаан тохиож байна.

Цаашлаад тайзны шийдэл, хөгжим, жүжиглэлт, найруулга, тавилт, дүр хоорондын зөрчил зэрэг ихээхэн сонирхол татах нь ойлгомжтой. Зөвхөн уншиж л байсан, зохиолчийн төгс
хэмээн тодорхойлсон өнөөх Каренина тайзан дээр амилна гээд бод доо. Энэ бол драмын театрын уран бүтээлчид хийгээд үзэгч, уншигчдын хувьд алдаж болохгүй шинэ хуудас. Мөн зохиолын тухай үргэлж эргэцүүлж боддог үнэнч уншигчдын хувьд өөртөө гаргалгаа гаргах, өөрийн гаргалгааг батлах сайхан боломж.

“Анна Каренина” таны өмнө тайзан дээр гурван цаг амьдрах болно.

Жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдавга нар ажиллаж байгаа бол Анна Каренинагийн дүрийг Н.Сувд, Н.Баярмаа, Алексей Каренинагийн дүрийг Б.Жаргалсайхан Алексей Вронскийн дүрийг Т.Сэргэлэн нар бүтээж байна.

ГУРАВ. Бүсгүй хүний зовлон зүдгүүрийн дуун

Бүсгүй хүний хувьд гутамшигт байдал гэж яг ямар нөхцөлд орохыг хэлэх вэ. Тус зохиолыг уншаад хамгийн эхэнд энэ асуулттай нүүр тулгардаг. Яг л үнэн хайр дурлал, үнэн сэтгэл гэдэг нүгэл юм уу гэж асуумаар. Бодит амьдралд үнэн гэж байдаггүйг Каренинагийн түүх батлаад өгөх ч шиг. Улс гүрэн, хэдэн зууны туршид хувьсан өөрчлөгдсөн ч тухайн цаг хугацаандаа ганхашгүй хүчирхэг оршдог нийгмийн үзэл баримтлал, дүрэм журмыг эмэгтэй хүн сөрөн зогсоход, өөрийн сэтгэл, мэдрэмждээ үнэнч байхад ямар зовлон бэрхшээл туулдаг вэ?

“Шалиг явдал гэдэг сэтгэл зүрхнээс гадуурх ажил” гэж Анна Каренина жүжигт өгүүлдэг. Хайр сэтгэлийг шалиг явдалтай зүйрлэж болох уу. Тэр тусмаа эмэгтэй хүний хайр сэтгэл ямар үед үнэ цэнээ алддаг вэ? “Анна Каренина” жүжгийг үзснээр энэ тухай шалтгаануудыг тоочих боломжтой болно.

ДӨРӨВ. Нийгмийн амьдралыг өгүүлэх гэр бүлийн драм

“Жаргалтай айл гэр бүр адил төстэй атал жаргалгүй айл гэр бүр өөр өөрийнхөөрөө зовлон эдэлдэг” тухай тус романы үйл явдал эхэлдэг. Энэ л бидний бодит амьдралын үнэн эхлэл ч байж магадгүй юм. Мөн энэ роман нэгэн үхлээр эхэлж, өөр нэг үхлээр төгсдөг.

Гэр бүл зохионо гэж хүмүүс ярьдаг нь их хачин. Ер нь хүмүүс гэр бүл зохиодог уу, эсвэл бүтээдэг хэрэг үү. Яг л ямар нэгэн тоглоом, наадгай тоглох шиг айл гэр зохион наадаж болох уу. Хүний амьдралын энэхүү ээдрээг уран яруу буулгасан нь тус зохиол тайзан дээр амилах хамгийн том хөшүүрэг юм. Нөгөө талаар “Анна Каренина” романд дээдсийн хүрээллийн амьдралыг хөндсөн учир ихээхэн алдарт хүрсэн гэх таамаг бий. Дээдэст дорд хүмүүний амьдрал тийм ч сонин биш. Харин дээдсийн амьдрал аль ч давхаргад үргэлж сонин байх нь мэдээж хэрэг.

Анги давхарга гэдэг аль ч нийгэмд, ямар ч цаг хугацаанд үгүй болдоггүй хэм хэмжээ ажээ. Тиймдээ ч анги давхарга гэдэг хүний сэтгэлд хэрхэн нөлөөлдөг, хувь хүнийг хэрхэн өөрчилдгийг энэ жүжгээс үзэх боломжтой.

ТАВ. Роман, жүжиг хоёрын хооронд дахь зарим ялгаа

Хэдийгээр “Анна Каренина” роман XIX зууны сүүлчийн хагаст амьдарч асан Оросын язгууртнууд, дээдсийн хүрээллийн тухай өгүүлэх авч XXI зууны Монголын нийгмийг бүтээж буй хүмүүсийн мөн чанар, хүн чанар, залуу гэр бүлүүдийн үнэ цэн, хайр сэтгэлийн зөрчилдөөн зэрэгт дүйж очно.

Үйл явдал өрнөх цаг хугацаа, орчин өөр боловч хувь хүний дотоод асуудал хаана ч адил билээ. Тэр л асуудлыг хөндөж чадсан учир “Анна Каренина” роман мөнх настай биз ээ. Иймд үйл явдлаас илүү зохиолын амин сүнс болсон тэр л утга санааг тайзан дээр хэрхэн өгүүлэхийг, гаргаж тавихыг жүжгээс үзэж болох юм. Цаасан дээр бичигдсэн зохиолын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн ялгаатай байдлууд зэрэг “Анна Каренина” жүжигт хэрхэн тусгалаа олсон бол. Харин одоо Монголын үзэгчдийн хувьд цаасан дээр тод гялалзсаар хоёр зууныг үдсэн “Анна Каренина”-гийн ертөнцийг тайзан дээр хэрхэн амилахыг үзэх л үлдлээ.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button