НийгэмНийгэм - НийтлэлОнцлох мэдээ

Амиа алдсан цэргүүд “Цаасанд бичигдэж үлдсээр л байх уу?”

              Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336-р ангид алба хааж байсан    “Орхон аймаг”-ийн харъяат хугацаат цэрэг амь насаа алдсан хэрэг гарснаас хойш даруй хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Амиа алдсан цэргийг хууч өвчний улмаас золгүй байдлаар амь эрсэдсэн гэсэн дүгнэлт гарч байсан бөгөөд цогцос дээр үүссэн хөхрөлт, няцралт цэргийг хүүрийн толбо хэмээн тайлбарлаж байсныг та бид сайн санаж байгаа биз.

         Харин талийгаачийн гэр бүлийнхэн: Талийгаач Б.Алтантулга нь 19 настай, суурь өвчингүй, бие бялдрын хувьд эрүүл байсан учир цэргийн албанд тэнцсэн. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэл байхгүй хэмээн тайлбарлаж, хэргийг сайтар шалгаж өгөхийг шаардаж байсан.

           Амиа алдсан цэрэг Б.Алтантулгын өмгөөлөгчид нь тухайн үед хэргийн байдлын талаар мэдээлэл хийхдээ:

Өмгөөлөгч Э.Билгүүн: “Дундговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангийн байлдагч Б.Алтантулга нь амиа алдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газраас ажиллагаа явуулах ёстой байтал золгүй явдал байсан мэтээр ЦЕГ–аас талийгаач нас бараад нэгхэн хонож байхад нийгэмд буруу ташаа мэдээлэл хийсэн. Зүүнбаянгийн 336-р цэргийн ангид өмнө нь цэргүүдийг дэглэж тахир дутуу болгож байсан тохиолдол цөөнгүй бий. Талийгаачийг өөрөө гүйж явахдаа бахардаж унасан гэсэн асуудлыг ярьж байгаа. Бахардаад унахаар нь цэргийн ангийн удирдлагууд дээрээс нь өшиглөж харгисаар зодсон тухай хамт гүйж байсан цэргүүд нь гэрчилсэн. Цэргийн ангийн камерын бичлэгт байгаагаар Б.Алтантулгыг тэнхээгүй болтол нь зодоод гүйлгэсний дараа хувцсаа өлгөж чадахгүй ухаан алдаад унахад чирээд орон дээр тавьсан бөгөөд нэг цагийн дараа эмчийн үзлэг хийхэд түүнийг нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Бид өчигдөр Эрдэнэт хотод очиж талийгаачийн цогцост үзлэг хийж ар гэрийнхэнтэй нь уулзсан. Талийгаачийн нуруу хэсэгт үүссэн толбо бол хүүрийн толбо биш ээ. Гаднын нөлөөтэйгөөр толбо үүсэх боломжтой гэж үзэж байгаа. Хөлийн шилбэний хэсэг хөхрөлт няцралттай, баруун мөрний дээд хэсэгт гаднын нөлөөтэй шарх, сорвитой байсан” гэв.

Өмгөөлөгч Б.Өлзийцэрэн: “Талийгаачийг амьсгалын дутагдалд ороод бахардаж байхад нь эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байтал баашилж байна гээд нэмж зодож тарчлаасан. Энэ үйлдэл нь үхлийн шалтгаан болсон. Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар хүнийг санаатай алах гэмт хэрэгт тооцогдох бөгөөд зодсон цэргийн албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Улсын ерөнхий прокурор, ЦЕГ–ын дарга нарт хандсан. Мөн цэргийн эмч нар нь яаралтай тусламж үзүүлээгүй улмаас хохирогч амь насаа алдсан. Уг гэмт хэрэг нь онц ноцтой, хүнд гэмт хэрэг юм. Иймээс ЦЕГ–ын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгуулахаар хандаад байна. Талийгаачийн цогцост үзлэг хийлгэх, үхлийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагад гомдол гаргасан” хэмээн мэдэгдсэн байдаг.

           Түүнчлэн тухайн цэргийн ангийн албан тушаалтан, захирагч нарт Батлан хамгаалах яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дараах арга хэмжээг авч байсан.

Үүнээс дурдвал: ЗХЖШ-ын даргын тушаалаар хариуцсан анги салбарт нь хугацаат цэргийн албан хаагч амь насаа алдсан тул 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлсөн. Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг,захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилж байсан.Түүнчлэн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж байжээ. Мөн тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцон чөлөөлж байсан.

                  Үүнээс харахад цэрэг хүүгийн амь нас “ердөө нэр дурдах хэдхэн албан тушаалтны суудлын үнэ”-ээр солигдож, хэргийн гол буруутан, үхлийн шалтгаан ил тод бололгүйгээр тэгэсхийгээд өнгөрсөн байдаг. Энэ мэтчилэн “Цэргийн албанд татагдаад эргэж ирээгүй олон аавын хүүгийн эмгэнэлт хэргүүд жил дамнан гарсаар л байна. Монгол хүний амь нас, монгол цэргийн нэр сүр, утга учир, үнэт зүйл яг юунд оршино вэ?

                Дан ганц бие бялдрын хөгжлийг бус сэтгэлийн боловсролыг сургаад эх орон, ээж аавд нь хүлээлгэж өгдөг “Эрүүл Монгол цэргийн алба”-ыг бид хүсэж байна.

 

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button