Оюутнуудыг ургац хураалтад дайчилна

Оюутнуудыг ургац хураалтад дайчилна

Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:

-Хаврын тариалалтыг хөл хорионы үед эхлүүлсэн. Гэхдээ хувийн хэвшил, тариаланчид цаг хугацаанд нь ногоо тариалж намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах цаг ирээд байна. Энэ онд нийтдээ 616 мянга га талбайд үр тариа тарьсан. Үүний 416.8 мянга га талбайд улаан буудай, 19.1 мянган га талбайд төмс, 9.4  мянган га талбайд хүнсний ногоо, 10.4 га талбайд тосны ургамал, 4.7 мянган га талбайд жимс жимсгэнэ тариалсан.

Ургацын тариалалтыг газар дээр нь танилцахад соёололт болон, технологи 90 хувийн онц сайн дүнтэй байна. Энэ жил боломжийн ургац авах нь гэж харж байна.

Ургац хураалтад тулгамдаж буй асуудал нь орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл, саадгүй тээвэрлэх чиглэлээр сая Засгийн газрын тогтоолд замын асуудлыг шийдвэрлэх чиглэл гаргалаа. Мөн богино хугацаанд ургац хураахад ажиллах хүчний байдал хүндрэлтэй байгаа. Үүнд Засгийн газраас МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарсан. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш. Аж ахуй нэгжүүд гэрээ байгуулан ургац хураалтад нийтээрээ оролцох шийдвэрийг гаргав. Аж ахуй нэгжүүдийн хувьд 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгааг мөн дунджаар өдөрт 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хураалтад ажиллуулна гэдгээ компаниуд илэрхийлсэн.

БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км төмөр замын ажил амжилттай үргэлжилж төгсгөл шатандаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт мөн амжилттай явж буй бөгөөд 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд хилийн өртөө бүрэн байгуулагдаж, хөдөлгөөн нээгдэнэ.

Үүний дараагаар дөрвөн том төсөл бий.

  • Зүүнбаян-Ханги мандал чиглэлийн төмөр зам. Энэ боомт нээгдсэнээр уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхэд хамгийн их түлхэц болно.
  • Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 237 км төмөр зам бий. Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөнт, Бичигт хүртэлх зүүн босоо чиглэлийн уг төмөр замын ажлыг ирэх онд эхлүүлэх шийдвэр гаргасан.
  • Баруун босоо чиглэлийн төмөр зам буюу 2280 км төмөр замын асуудал байгаа.
  • Богдхан төмөр замын хувьд өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэгч байгууллагыг тодруулсан. Ирэх долоо хоногт трассыг эцэслэн гаргана. Уг замын хувьд шинээр 135 км төмөр зам барина. Зургаан зөрлөг, гурван өртөө, 16.6 км урттай газар доогуурх хоёр хонгилтой. Нэг хонгил нь 9.1 км, нөгөөх нь 7.5 км. Нийтдээ 19.3 сая куб метрийн газар шорооны ажил хийгдэх юм.

Товчоор хэлбэл, Улаанбаатарын хойно байрлах Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур зүүн зүгт үргэлжилж, Мааньт өртөөтэй холбогдох зам. 2021 оны наймдугаар сард багтааж бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Урьдчилсан тооцооллоор 630-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

ХӨШИГИЙН ХӨНДИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гарлаа. 1980 онд Багануур хотыг байгуулах шийдвэр гарсан байдаг. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд шинэ Зуунмод болон, Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр орон нутгийн зэрэглэлтэй гурван хотыг цогцоор нь бүтээн байгуулахыг төлөвлөж байна. Энэ хөндийд 150 мянга гаруй хүн амьдрах орон зай байгааг судалсан.

Монгол Улс нэг хоттой учир хотын эдийн засаг төвлөрсөн байдаг. Шинэ хотуудад онгоцны буудал баригдахтай холбоотой тээвэр ложистикийн бизнес, үйлдвэрийн чиглэлийн ажлын байр бий болно. Энэ дагуу хоногт 20 мянган куб бохир усыг цэвэрлэх чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан түүнийг холбосон шугам сүлжээ, замын сүлжээ, дулааны станц-2, газар доод талын эх үүсвэрийг холбосон олон бүтээн байгуулалт хийгдэнэ. Эдгээр бүтээн байгуулалтыг хийснээр дэд бүтэц, орон сууц, үйлчилгээ зэрэг бүтээн байгуулалт Хөшигийн хөндийд бий болно.

Мөн Богдхан төмөр замыг барьж байгуулах асуудлыг ярьж байна. Газар олголтыг төлөвлөлтийн дагуу янзална.

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙГ “ҮДИЙН ХООЛ” ХӨТӨЛБӨР БОЛГОНО

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-Үдийн хоолны зардлын норматив тогтоох асуудал одоо хэлэлцэж байна. “Үдийн цай” хөтөлбөрийг бага ангийн сурагчдад “Үдийн хоол” болгож буй. Үдийн цай хөтөлбөрийн санхүүжилт нэг хүүхдэд 900 төгрөг байсан бол үдийн хоол болгосноор 1500 буюу 600 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. Ингэснээр 2021 оны улсын төсөвт 17.8 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоог БШУЯ-аас оруулж ирсэн байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар долоо хоног бүр Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулдаг.

Сангийн яамнаас өгсөн мэдээллээр 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд 3.1 их наяд төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн байна. Гэхдээ энэ нь 2021 он хүрэх зорилтын 74 хувьд хүрсэн талаар Сангийн яам мэдээлж буй. Өөрөөр хэлбэл уг хөтөлбөр 1-3 жилийн хугацаанд хэрэгжих төлөвлөгөө учир, 2021 оны гүйцэтгэлийн хувьд 74 хувьтай байна.

Ажлын байраа хамгаалах хоёр их наядын санхүүжилтийн хувьд өнөөдрийн байдлаар 1.7 их наядын санхүүжилттэй байна.

Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам судалгаа хийж байгааг танилцуулсан. Ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх зээлийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. Өөрөөр хэлбэл одоо байгаа ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийг нэг их наядаар нэмж, нийтдээ гурван их наяд болгох үүрэг чиглэлийг өгсөн. Сангийн яамнаас ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд шаардлага хангахуйц зээлдэгчийн тоо буурч байна гэдэг мэдээллийг өгсөн.  Уг зээлийн нөхцөл шалгуурыг яаж өөрчлөх талаар судалгаа хийж буйг Сангийн яамнаас танилцуулсан.

Эх сурвалж: News.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн